НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН

АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэдэгт зохион байгуулалтын бүтцэд ордог хэлтэс, ашиглалтын захиргааны нэгжүүдийг ойлгох бөгөөд цаашид “байгууллага” гэх/-ын удирдах, гүйцэтгэх албан хаагчдын /цаашид “албан хаагчид” гэх/ баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.

1.2. Байгууллага нь албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Зөрчлийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Энэхүү дүрэм нь байгууллагын нийт албан хаагчдад хамаарна.

Гурав. Ёс зүйн зарчим

3.1. Албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дор дурдсан зарчмыг баримтална:

                        3.1.1. шударга ёсны;

                        3.1.2. хууль дээдлэх;

                        3.1.3. тэгш байдал;

                        3.1.4. хариуцлага хүлээх;

                        3.1.5. олон нийтэд үйлчлэх;

            3.2. Албан хаагчид үүргээ гүйцэтгэхдээ дараах зарчмыг хэрэгжүүлнэ:

                        3.2.1. үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд үнэнч шударгаар гүйцэтгэж, ажилдаа хүндэтгэлтэй хандах;

                        3.2.2. хууль тогтоомжийг биелүүлж холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах;

                        3.2.3. ажил үүргээ гүйцэтгэхдээ бусадтай ялгавартай хандахгүй байх;

                        3.2.4. хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүндийг хүндэтгэн харьцах;

                        3.2.5. албан ажил болон хувийн үйл ажиллагаандаа байгууллагын нэр хүнд, эрх ашгийг эрхэмлэн хамт олны болон өөрийн албаны нэр хүндийг хуулийн дагуу хамгаалж, хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах;

Дөрөв. Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс

4.1. Албан хаагч нь энэ дүрмийн 3.1, 3.2-д заасан зарчмын хүрээнд төр, нийслэлийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, нийтийн албаны үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ:

                        4.1.1. шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

                        4.1.2. хууль дээдлэх зарчмын хүрээнд: төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон нийтийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

                        4.1.3. тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад нийтийн албан хаагч болон хамт ажиллаж буй ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах;

                        4.1.4. хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

                        4.1.5. олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: нийтийн албаны үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах;

Тав. Албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээ

            5.1. Ёс зүйн хэм хэмжээ гэж хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл, сайн сайхан зан үйлийн уламжлалт хэм хэмжээний даган мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг ойлгоно.

            5.2. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.1-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

                        5.2.1. Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн өмчийн байдал, түүнд орсон өөрчлөлт, орлогын талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөв, бүрэн мэдүүлэх;

                        5.2.2. Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;

                        5.2.3. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах;

                        5.2.4. үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

                        5.2.5. албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.

            5.3. Байгууллагын албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

                        5.3.1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

                        5.3.2. харъяа дээд шатны албан тушаалтныг бодлго боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;

                        5.3.3. авлига, хээль хаууль, хүнд суртал, шударга бус байдалтай тууштай тэмцэж, албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээлэл болон авлигын шинжтэй аливаа үйлдлийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон Авлигатай тэмцэх газарт мэдээлэх;

                        5.3.4. албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр  тараахгүй байх;

                        5.3.5. байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээлэл, хийж буй үйл ажиллагааг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.

            5.4. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.3-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

                        5.4.1. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэл, ялгаварлалгүйгээр түргэн шуурхай хүргэх;

                        5.4.2. хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

                        5.4.3. танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг хориглох;

                        5.4.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;

                        5.4.5. бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.

            5.5. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.4-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

                        5.5.1. өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, байгууллагын нэр хүндийг ямагт дээдлэх;

                        5.5.2. байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;

                        5.5.3. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;

                        5.5.4. захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.

            5.6. Албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.5-д заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

                        5.6.1. албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;

                        5.6.2. нийтийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв түвшин харилцах;

                        5.6.3. иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх;

            5.7. Албан хаагч нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

                        5.7.1. байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараах;

                        5.7.2. байгууллагаас явуулж буй бодлогын арга хэмжээнүүдийг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, тэдгээр бодлого, үйл ажиллагааг өөрийн санаачлага мэтээр ярьж сайрхах, ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан олон нийтийн хүртээл болоогүй аливаа мэдээллийг тараах;

                        5.7.3. албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийн хамаарал бүхий этгээдийн болон бусдын ашиг сонирхлын төлөө хууль бусаар задруулж, ашиглахгүй байх, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар олон нийтэд байр сууриа илэрхийлэхгүй байх;

                        5.7.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх;

                        5.7.5. албан тушаал, албан өрөө, тасалгааг ашиглан ажилтнууд болон бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, гүжирдэн доромжлох, нэр хүндийг унагах арга хэмжээ зохион байгуулах;

                        5.7.6. иргэн, хуулийн этгээд, хамт ажиллагсадтайгаа харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий харьцах, дарамтлах, үзэл бодлоо тулгах зэргээр бусармаг авирлах, хүнд суртал гаргаж, чирэгдүүлэх, бүдүүлэг зан авир гаргах;

                        5.7.7. хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах аливаа үйлдэл хийх;

                        5.7.8. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулж, цаг алдагдуулах;

                        5.7.9. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх,  мөн ажилдаа согтууруулах, мансууруулах бодис хэрэглэж ирэх, этгээд байдлаар хувцаслах;

                        5.7.10. байгууллагын зохицуулалт, хяналтад хамаардаг хуулийн этгээдийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дотоод ажилд оролцох, албан тушаал эрхлэх, бусдад ашиг олох зорилгоор тэдэнд хэрхэн хариуцлагаас зайлсхийхтэй холбогдсон асуудлаар зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, тэдгээрийн хяналтын багцыг эзэмших, ердийн нөхцөлөөс илүү хөнгөлөлттэй хэлбэрээр үйлчлүүлэх, иргэн хуулийн этгээдээс шан харамж авах;

                        5.7.11. байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хууль бус үйлдэл гаргах;

                        5.7.12.  албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглох.

Зургаа. Ёс зүйн хороо

            6.1. Байгууллагын албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг  зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, зөвлөмж дүгнэлт гаргах, эрх үүрэг бүхий байнгын орон тооны бус Ёс зүйн хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.

            6.2. Хороо нь гүйцэтгэх албан тушаалтнаас бүрдсэн 5 гишүүнтэй байх ба зохион байгуулалтын бүтцийн онцлогоос шалтгаалан түүнээс дээш гишүүнтэй байж болно.

            6.3. Хорооны ажиллах журмыг байгууллагын даргын тушаалаар батална.

Долоо. Албан хаагчийн ёс зүйн зөрчил

            7.1. Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон энэ дүрмийн 5 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх.

Найм. Албан хаагчид хүлээлгэх ёс зүйн хариуцлага

            8.1. Ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол шийтгэл ногдуулахгүй.

            8.2. Албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шинж байдал, хор уршиг, иргэн болон байгууллагад учруулсан хохирлын хэмжээ, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг Хорооны дүгнэлтийг үндэслэн байгууллагын даргын тушаалаар ногдуулна.

            8.3. Шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчийн асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болно.

            8.4. Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана. Шаардлагатай бол хамт олонд мэдээлнэ.

            8.5. Энэ дүрмийн 8.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулсан албан хаагчийг байгууллагын зардлаар гадаад, дотоодод суралцуулахгүй, шагнал, үр дүнгийн урамшуулал олгохгүй, албан тушаал дэвшүүлэх, зэрэг дэв олгохгүй байх үндэслэл болно.

            8.6. Байгууллагын удирдлагаас ажилтны ёс зүйн зөрчлийн улмаас гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол ёс зүйн хорооны дүгнэлт шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагад шилжүүлж, шалгуулах арга хэмжээ авна.

 

------------oOo-------------