УРТ ЦАГААН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАРИЛГЫГ БУУЛГАЖ, ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Урт цагаан үйлчилгээний төвд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан 22 хуулийн этгээд 3 иргэнээс 2020 оноос 2023 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн. Тус хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тул байр талбайг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор чөлөөлж өгөхийг мэдэгдэж, 1/1223 дугаар албан бичгийг хүргүүлэн ажилласан байна. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид хамтран Урт цагаан үйлчилгээний төвийн 4-12 дугаар корпусын 1, 2, 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 25 түрээслэгч болон иргэн, аж ахуй нэгжийн хаалга, хананд мэдэгдэх хуудас байршуулж, байр талбайг чөлөөлөхийг мэдэгдэж, мэдэгдэх хуудас нийт түрээслэгчдэд мэдэгдэж ажилласан.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс Урт цагааны барилгыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2023 оны хооронд есөн удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн Өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нураах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арван нэгдүгээр сарын 3-нд мэдэгдсэн. Улмаар барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. 2023 оны НИТХ-ын 129 дүгээр тогтоолоор тус газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан тохижуулж, нийтийн эдэлбэрийн газар болгох ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Захирагчийн ажлын албатай хамтран эхлүүлсэн. Түрээслэгчдэд таван удаагийн байр талбай чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд байр талбайг бүрэн чөлөөлж, нураах ажлыг зохион байгуулан ажилласан.