wrapper

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын хөдөлмөрийн дотоод журам [Үзэх]

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай газрын даргын тушаал [Үзэх]


  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

          ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН        

    ДОТООД ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Нийслэлийн өмчийн харилцааны газар  /цаашид “газар” гэх/ -ын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, захиргаа, ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг журмыг тогтоох, түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

1.2.        Газар нь үйл ажиллагаандаа  Иргэний хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны хуулиуд болон Авлигын эсрэг хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, энэ журмыг мөрдлөг болгон ажиллана. 

1.3.        Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өмнө өмчийн зөвлөхийн үүрэг хүлээж, нийслэлийн өмчийн харилцаатай холбогдсон нэгдсэн бодлого шийдвэрийг боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, өмчийн нэгдсэн удирдлагаар хангах, Улаанбаатар хотыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх, нийслэлийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар салбар хоорондын зохицуулалтаар хангаж, удирдах, нийслэлийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах талаар гарсан үндсэн чиглэл хөтөлбөр, шийдвэрийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэнэ. 

1.4.        Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх ба газрын даргын 2009 оны 232 дугаар тушаалаар батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, ашиглах журам”-ын зааврыг мөрдөж ажиллана. 

1.5.        Хөдөлмөрийн дотоод журмыг нийт албан хаагчид үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах бөгөөд хэрэгжилтийг газар, хэлтсийн дарга нар зохион байгуулж гүйцэтгэлд Захиргаа, санхүүгийн хэлтэс, Өмчийн хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг Захиргаа, санхүүгийн хэлтэс улирал, хагас жил, бүтэн жилээр Удирдлагын зөвлөлд танилцуулж байна. Удирдлагын Зөвлөлийн ажиллах журмыг газрын даргын тушаалаар батална. 

1.6.        Газрын дарга өөрийн бүрэн эрхэд хамаарах ажлын зарим хэсгийг эрх шилжүүлэх хэлбэрээр орлогч дарга болон хэлтсийн даргаар хэрэгжүүлж болно. 

Хоёр. Албан тушаалд томилох, албан тушаалаас

чөлөөлөх, түр чөлөөлөх, халах 

2.1.        Газрын дарга /Төсвийн шууд захирагч/ төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-р заалтын дагуу томилно. 

2.2.        Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1  жил хүртэл хугацаагаар тогтоож болно. Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадвараа нотолж чадсан эсэхээс хамааруулан Төсвийн шууд захирагчийн шийдвэрээр жинхлэх буюу ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. 

2.3.        Иргэнийг төрийн албан тушаалд томилох болон ажилд авахад дараах баримт бичиг бүрдүүлнэ:

2.3.1.   төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;

2.3.2.   боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ны нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.3.3.   намтар /3 үеийн/

2.3.4.   нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.3.5.   иргэний үнэмлэхний хуулбар;

2.3.6.   төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал / төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/ эрүүл мэндийн бичгийн хамт;

2.3.7.   урьд ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

2.3.8.   зураг 4 хувь /4*6/

2.3.9.   ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

2.3.10.бусад 

2.4.        Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Хөдөлмөрийн гэрээг газрын дарга албан хаагчтай заавал бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг албан хаагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 

2.5.        Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тусгана:

2.5.1.   ажлын байрны буюу албан тушаалын нэр;

2.5.2.   ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүрэг;

2.5.3.   үндсэн цалин буюу албан тушааалын цалин;

2.5.4.   хөдөлмөрийн нөхцөл;

2.5.5.   ажлын цаг;

2.5.6.   гэрээний хугацаа.

2.6.        Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн шинээр томилогдсон албан хаагчид байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээний журам, албан тушаалын цалингийн сүлжээ ба нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллах нөхцөл, баталгаа зэргийг танилцуулна. 

2.7.        Шинээр ажилд томилогдсон өдрөөс хойш 5 хоногийн дотор албан хаагчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, хувийн хэрэг хөтөлнө. Ажилтны хувийн хэрэг хөтлөлт нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын шаардлагыг хангасан байна. 

2.8.        Ажилтнуудыг сэлгэн ажиллуулах асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэн газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

 2.9.        Шаардлагатай тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, үйлчилгээний албан тушаал хавсран ажиллах асуудлыг шийдвэрлэх бөгөөд цалингийн зөрүү болон нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу олгоно. 

2.10.     Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийдвэрлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчийн Хөдөлмөрийн гэрээг  Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлд зааснаас гадна нийт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил”-д тооцсон болон хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон үндэслэлээр дуусгавар болно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичнэ. 

2.10.1.Хөдөлмөрийн гэрээгээр шууд цуцлахаар харилцан тохиролцсон нөхцлүүд:

·         Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 3 удаа зөрчсөн, сахилгын зөрчил давтан /3 ба түүнээс дээш/ гаргасан, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль тогтоомжид харш үйл ажиллагаа явуулсан;

·         Өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа хэрэглэж завших, бусдад өгч үрэгдүүлэх зэргээр захиргааны итгэл алдагдуулсан;

·         Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

·         Ажилдаа согтуу ирсэн, ажлын байранд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн нь нотлогдсон;

·         Ажил тасалсан; /шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш удаа/ 

2.10.2.Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцсон нөхцлүүд:

·         Байгууллагын  үйл ажиллагааг мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан;

·         Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан;

·         Албан үүрэгтэйгээ холбогдуулан хээл хахууль авсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон;

·         Нягтлан бодох бүртгэлийн баримт данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх;

·         Хариуцсан эд зүйлсийг бүртгэл, тооцоо хяналтаас гадуур бусдад худалдах, солих;

·         Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн; 

2.11.     Тушаалаар заагдсан хугацаанд ажил болон албаны баримт бичиг, ажлын файл, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, хэлтэс, холбогдох албан тушаалтантай тойрох хуудсаар тооцоо хийсний дараа ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хувийн хэргийг хүлээлгэн өгнө. 

2.12.     Ажлын зайлшгүй шаардлагын дагуу богино хугацаанд гэрээт ажилтанг хөлсөөр ажиллуулж болно. Хөлсөөр ажиллуулах гэрээг газрын дарга гэрээт ажилтантай бичгээр байгуулна.

Гурав. Захиргаа, ажилтны эрх үүрэг

3.1.        Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ. 

3.1.1.   газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тогтоож мөрдүүлнэ; 

3.1.2.   хөдөлмөрийн сахилга дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж,  албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина; 

3.1.3.   албан хаагчийг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ба төрийн албан хаагчийн ажлын байрны стандартад нийцсэн байна; 

3.1.4.   газрын хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон шаардлагатай арга хэмжээ авч байна; 

3.1.5.   газрын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, түүний найдвартай ажиллагаа, үйлчилгээг хангаж ажиллана; 

3.1.6.   албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг сайжруулах, нийгмийн баталгаагаар хангах ажлыг зохион байгуулна; 

3.1.7.   албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн чөлөөт цаг, амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар тухай бүр анхаарч тодорхой ажил зохион байгуулах; 

3.1.8.   албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ; 

3.1.9.   байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана; 

3.1.10.албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2 жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээ авна; 

3.1.11.албан хаагчаас гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ биелүүлэх, эрхэлсэн ажлын нь чиглэлээр шууд хамаарах мөн цаг үеийн асуудалтай холбогдсон үүрэг даалгаврыг өгч түүний хэрэгжилт үр дүнг шаардах, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх; 

3.1.12.ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг хамгаалах талаар газрын удирдлага санаа тавьж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага, хамгаалалтын албатай хамтран ажиллана.

3.2.  Ажилтан дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

3.2.1.   ажилтан хууль тогтоомжид заасан эрхийг эдэлнэ; 

3.2.2.   өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ; 

3.2.3.   ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, төрийн албаны захирах, захирагдах зарчмыг чанд баримтлан ажиллана; 

3.2.4.   харъяа дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлнэ; 

3.2.5.   хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд мэдээллийн самбар болон дотоод сүлжээнд байрлуулсан болон зарласан мэдээлэлтэй танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг заасан хугацааны дотор хэрэгжүүлж, дүн мэдээг бичгээр гарган хариуцсан мэргэжилтэнд өгч нэгтгүүлнэ. Зарлалд мэдээлэгдсэн арга хэмжээнд  заасан хугацаанд хожимдолгүй цуглаж идэвхитэй оролцоно; 

3.2.6.   үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон тогтоосон журмыг хатуу чанд сахиж мөрдлөг болгон ажиллана; 

3.2.7.   эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана; 

3.2.8.   албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж, бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байх; албан ажлын холбогдолтой файлыг жилийн эцэст мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэнд өгч архивлуулах; 

3.2.9.   ажлын байрыг цэвэр эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил, техник, тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, сахилга, дэг журмыг чанд сахина; 

3.2.10.хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ; 

3.2.11.ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж  явахдаа согтууруулах ундаа хэрэглэх, бусдын ажилд саад болох зан авир гаргах, үйлдэл хийхийг цээрлэж, эелдэг зан харилцааг эрхэмлэн, эерэг уур амьсгалтай, бусдад сэтгэл зүйн дарамтгүй ажиллана; 

3.2.12.ажлын байранд, ажлын цагаар интернэт ашиглан олон нийтийн сүлжээнд нэвтрэх, ажил үүрэгт холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх; 

3.2.13.газрын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас болж гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлнө; 

3.2.14.өөрийн хувийн хэрэг болон үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ зэрэгтэй танилцаж, хувийн хэрэгтээ жил тутамд баяжилт, хөдөлгөөн нэмэлт хийнэ; 

3.2.15.гадаад, дотоодод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 5 хоногийн дотор багтаан илтгэх хуудсаар холбогдох нэгж, албан тушаалтанд тайлагнаж байна; 

3.2.16.авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгнө; 

3.2.17.цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах албан тушаалтанд амаар буюу бичгээр уламжлах эрх эдэлнэ;

Дөрөв. Газрын ажлыг төлөвлөх, тайлагнах үнэлэх, мэдээлэх

4.1.        Газар нь эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана. Газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь газрын төсөв боловсруулах үндэслэл бөгөөд Төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна. Хэтийн төлөвлөгөөг байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж, албажуулах ажлыг зохион байгуулна. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь 3 жилээр байна. 

4.2.        Хэлтэс, албад нь хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн нийлүүлэх бүтээгдэхүүн, үйл ажиллагааны төлөвлөгөөг хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн шийдвэр, дэвшүүлсэн зорилт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилттой уялдуулан гаргаж 12 дугаар сарын 25-ны дотор газрын даргаар батлуулна. Захиргаа, санхүүгийн хэлтэс байгууллагын жилийн үйл ажиллагааны  төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж газрын даргаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана;

 4.3.        Хэлтэс нь жилийн төлөвлөгөөтэй уялдуулан ажлаа улирлаар төлөвлөн ажил хариуцсан орлогч даргаар, албан хаагчид ажлаа  улирал, жилээр төлөвлөж хэлтсийн даргаар батлуулна; 

4.4.        Төсвийн тухай хуульд нийцүүлэн байгуулах үр дүнгийн гэрээг Төсвийн Ерөнхийлэн захирагчтай Төсвийн шууд захирагч жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор, Төсвийн шууд захирагчтай нэгжийн менежерүүд 01 дүгээр сарын 20-ны дотор, менежерүүд төрийн захиргааны албан хаагчидтай 01 дүгээр сарын 30-ны дотор тус тус байгуулна; 

4.5.        Хэлтэс нь тодорхой шийдвэр гаргуулах асуудлын төслийг Захиргаа, санхүүгийн хэлтэст мэдэгдэн уг асуудлыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Газрын даргад танилцуулан шийдвэрлүүлнэ; 

4.6.        Хэлтэс нь хагас жилийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 20-ны дотор; жилийн тайлан, төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний биелэлтийг 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж Захиргаа, Санхүүгийн хэлтэст  өгнө. Тус хэлтсээс хагас, бүтэн жилийн тайлан мэдээг нэгтгэж, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст өгч шинжилгээ, үнэлгээ хийлгэн Удирдлагын зөвлөлд танилцуулна; 

4.7.        Газрын төсвийн төслийг боловсруулах, батлуулах, захиран зарцуулах, тайлагнах ажлыг Төсвийн тухай хуульд заасны дагуу Захиргаа, Санхүүгийн хэлтэс зохион байгуулна. Түүнчлэн газрын үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг зүйл, ангиар нь тооцож, бүтээгдэхүүний өртөгтэй холбон дүгнэлт хийж, Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж байна; 

4.8.        Газрын бүтэн жилийн үйл ажиллагааны тайланг Захиргаа, санхүүгийн хэлтэс нэгтгэн, дүгнэлт хийж, тайланг тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор гарган холбогдох газарт хүргүүлнэ; 

4.9.        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, дээд байгууллагын захирамж, тогтоол шийдвэрийн биелэлтийн мэдээг хэлтсийн ахлах мэргэжилтнүүд хариуцан улирал бүр гаргаж Захиргаа, санхүүгийн хэлтэст ирүүлнэ; 

4.10.     Хэлтэс нь газрын шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж баталгаажуулан Захиргаа, санхүүгийн хэлтэст тогтоосон хугацаанд ирүүлнэ; 

4.11.     Газрын албан ёсны байр суурийг илэрхийлсэн аливаа мэдэгдлийг газрын дарга, түүний эзгүйд орлогч даргаар хянуулан, тэдний зөвшөөрснөөр холбогдох байгууллагад хүргүүлнэ.

 Тав. Үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх арга хэлбэр

5.1.        Төсвийн шууд захирагч менежерүүдийн, нэгжийн менежерүүд төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ;

 5.2.        Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин / үр дүнгийн гэрээний биелэлт/-г үнэлж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акттай нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд Төсвийн шууд захирагч дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий байгууллагад саналаа тавьж болно; 

5.2.1.   “А” буюу “маш сайн” үнэлгээ авсан бол албан тушаал дэвшүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн цол, зэрэг дэвийг алгасуулах буюу хугацаанаас өмнө олгох, төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэшлийн зэргийг ахиулах, цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх, албан тушаал дэвшүүлэх зорилгоор тусгай сургалтанд хамруулах, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох, төр, засгийн дээд байгууллагын болон салбарын шагналд тодорхойлох; 

5.2.2.   “В” буюу “сайн” үнэлгээ авсан бол одоогийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах,  дараагийн шатлалын цалин олгох, зохих шатны сургалтанд хамруулах, төрийн жинхэнэ албан хааагчид дараагийн шатны цол, зэрэг дэв олгох, төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох, мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал олгох; 

5.2.3.   “С” буюу “хангалттай” үнэлгээ авсан бол цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтанд хамруулах;

5.2.4.   D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах, төрийн албан хаагчийн мэргэшлийн зэргийг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтанд хамруулах; 

5.2.5.   F” буюу “хангалтгүй”  үнэлгээ авсан бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах. 

Зургаа.  Ажлын цагийн горим

6.1.        Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх ба өглөө 8.00 /8.30/ цагт эхэлж, орой 17.00 /17.30/  цагт дуусна. Үдийн завсарлага 12.00 /12.30/ цагаас 13.00 /13.30/ цагийн хооронд байна. 

6.2.        Албан хаагч бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа заавал бүртгүүлж, гарын үсгээр баталгаажуулна. Цагийн бүртгэлийг хүний нөөцийн мэргэжилтэн хянаж санхүүд өгнө; 

6.3.        Ажлын цаг ашиглалтын бүртгэл хөтлөлтөд Захиргаа, санхүүгийн хэлтэс хяналт тавих бөгөөд дүнг Газрын даргад  мэдэгдэж байна. Сард хоцорсон минут 200 минут хүрвэл сахилгын шийтгэл ногдуулна; 

6.4.        Ажлын цагийн дундуур албан ажлаар гадуур явахдаа хэлтсийн дарга нар газрын даргад, албан хаагчид харъяалах хэлтсийн дарга, хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэн гадуур ажиллах бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ; 

6.5.        Ажлаас хүндэтгэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн нөхцөлд албан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ; 

6.6.        Захиргааны санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно; 

6.7.        Гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаан /гэр бүлийн гишүүн нэмэх, шалгалт шүүлэг өгөх гэх мэт/-ийн улмаас албан хаагчид чөлөө олгож болно. Ажлын 1 өдрийн чөлөөг чөлөөний хуудсаар хэлтсийн дарга, 2 өдрийн чөлөөг Захиргаа, санхүүгийн хэлтэс, 3 буюу түүнээс дээш хугацааны чөлөөг газрын дарга олгоно. Чөлөөний хуудсаар чөлөө аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно. Цалинтай чөлөө олгох асуудлыг ажилтны өргөдөл, тухайн хэлтсийн даргын үндэслэл бүхий тодорхойлолт, баримтыг үндэслэн газрын даргын тушаал гаргаж шийдвэрлэнэ; 

6.8.        Жил бүрийн 1 дүгээр улиралд албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар баталж гаргах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно. Шинээр ажилд орсон албан хаагч 8 сар ажилласны дараа ээлжийн амралт олгоно; 

6.9.        Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ.Захиргааны шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 31.4-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно; 

6.10.     Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн санхүү болон ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгуулна. Ажилтан ажлаас халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийж байна; 

6.11.     Нийтээр амрах баярын өдрүүдэд  ажиллах хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг газрын даргын тушаалаар батлуулж жижүүрт хувийг өгч хэрэгжилтэнд Захиргаа санхүүгийн хэлтэс хяналт тавьж ажиллана. Хариуцлагатай жижүүрээр томилогдсон албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд ажилласан цагаас хасаж тооцно; 

6.12.     Ажлын цагтай холбогдох бусад асуудлыг холбогдох хууль, журмын дагуу зохицуулна;

Долоо. Дотоодын хяналт шалгалт, дэг журам

7.1.        Дотоодын хяналт шалгалт нь хууль тогтоомж болон газрын хэмжээнд мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмуудыг чанд сахиулах, ажлын эмх цэгц, соёлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай, хэвийн явуулах, төрийн албаны стандартыг хангуулах зорилготой бөгөөд хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг газрын хэмжээнд орлогч дарга, Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хүлээж, хэлтсийн ажил чиг үүргийн хэрэгжилтэд нэгжийн дарга нар хяналт тавина; 

7.2.        Албан хэрэг хөтлөлтийн талаар тогтоосон журмыг сахиж мөрдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг Захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцан ажиллана. 

7.3.        Төрийн албаны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, зорилгоор гэнэтийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийх чиг үүргийг Захиргаа санхүүгийн хэлтэс, Өмчийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хэрэгжүүлэн шаардлагатай тохиолдолд эрсдлийг бууруулах арга хэмжээ авч зөвлөмж өгөх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийг Ёс зүйн хороо, эсвэл Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж газрын даргын тушаалаар шийдвэрлэнэ; 

7.4.        Албан хаагч бүр төрийн албаны ажил үүргийн шаардлагад нийцүүлэн төлөв түвшин  хувцаслана. Ажлын байранд этгээд содон хэв маяг, чөлөөт загвараар хувцаслахыг хориглоно; 

7.5.        Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг дагаж мөрдөнө; 

7.6.        Газрын факсын аппарат газрын даргын туслахын өрөөнд байрлах бөгөөд зөвхөн албаны гадаад, дотоод мэдээ, материал хүлээн авах, дамжуулахад ашиглана; 

7.7.        Албан хаагчдын ажлын хэрэгцээнд  ажлын өрөө бүрт холбооны утас байх бөгөөд телефон утасны сарын төлбөрийг холбооны нэхэмжлэлтэй тулгаж хяналт тавина; 

7.8.        Албаны болон хувийн хэргээр газарт нэвтрэх иргэний биеийн байцаалтыг заавал шалгаж, тусгай дэвтэрт бүртгэн, уулзах ажилтнаас газрын даргатай уулзах хүнийг даргын туслахаас зөвшөөрөл авч 08.30 – 11.30, 13.30 – 16.30 цагийн хооронд нэвтрүүлнэ. Тогтоосон цагаас бусад үед гадны хүн оруулсан, түүний улмаас ямар нэгэн үр дагавар гарсан тохиолдолд үүний хариуцлагыг жижүүр хүлээнэ; 

7.9.        Байгууллагын ажлын байранд дараах зүйлийг хориглоно:

7.9.1.   зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах;

7.9.2.   буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис материал оруулах, хадгалах;

7.9.3.   том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа, материал зөвшөөрөлгүй оруулах;

7.9.4.   согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг нэвтрүүлэх;

7.9.5.   ажлын байранд хэт чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх;

7.9.6.   ажлын байранд, ажлын цагаар интернэт ашиглан олон нийтийн сүлжээнд нэвтрэх, ажил үүрэгт холбогдолгүй үйл ажиллагаа явуулахгүй байх 

Найм.  Ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгаа 

8.1.        Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажиллагсдад цалин хөлс, нэмэгдлийг олгоно. Цалинг сард 2 хувааж / сар бүрийн 10, 25-ны өдөр/ тогтоосон хугацаанд олгоно. 

8.2.        Албан хаагчдын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд шийдвэрлэж байна. 

8.3.        Төрийн үйлчилгээний албан хаагч ажлын зайлшгүй шаардлагаар хослон буюу хавсран ажилласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу үндсэн цалингийн 40 хүртэл хувийг төсвийн шууд захирагч буюу газрын даргын шийдвэрийг үндэслэн олгож болно. 

8.4.         Албан хаагч нь улс, нийслэл, дотоодын болон гадаад орны хөрөнгө, тусламж, тэтгэлгээр мэргэшлээ дээшлүүлэх 3 сар хүртэл сургалтын хугацаанд цалин олгох эсэх асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. 

8.5.        Төрийн албаны тухай хуулийн 29.2 дах заалт, Сангийн сайдын 2006 оны 64 дүгээр тушаалын дагуу төрийн албан хаагчид албан томилолтын болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг сар тутам бодож олгоно. Түүнчлэн албан хаагчдад олгох хоолны мөнгөний хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд жил бүр тогтоон, сар тутам олгоно. 

8.6.        Албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, орон сууцны судалгааг төрөлжүүлж гаргах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад зөвхөн өөрийн хэрэгцээнд орон сууц барих зэрэгт дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэхэд тусална. 

8.7.        Ажилтны 16 хүртэлх насны хүүхдэд эх үрсийн баяр, шинэ жилийн баяраар бэлэг олгоно. 

8.8.        Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангагдана. 

8.9.        Хууль тогтоомжид заасан бусад нөхөн төлбөр, тусламж олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ. 

8.9.1.   Газарт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн  нөхцөлд 12 сар хүртэлх үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгоно.

 8.9.2.   Салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд байгууллагад ажилласан хугацаанаас хамааран 3 сар хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

8.9.3.   Үндсэн ажилтан, түүний эхнэр, нөхөр нас барсан тохиолдолд 500 000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ.

8.9.4.   Ажилтны гэр бүлийн гишүүн / төрсөн аав, ээж, хадам аав, ээж, үр хүүхэд/ нас барсан тохиолдолд 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийн, өрх тусгаар амьдарч байгаа /төрсөн ах, эгч, дүү/ нас барсан тохиолдолд 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоно.

8.9.5.   Үндсэн ажилтан анх удаа шинээр гэр бүл болсон тохиолдолд 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийн тэтгэмж олгоно. 

Ес. Шагнал, урамшуулал олгох 

9.1.        Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, байгууллагын болон албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчид дараах урамшуулал олгоно. 

9.1.1.   хамт олны өмнө сайшааж, баяр хүргэх;

9.1.2.   үнэ бүхий зүйлээр шагнах;

9.1.3.   мөнгөн шагнал олгох /1 сарын үндсэн цалин/

9.1.4.   байгууллагын өргөмжлөлөөр шагнах;

9.1.5.   байгууллагын хүндэт дэвтэрт бичих;

9.1.6.   НИТХ, НЗД-ын шагнал болон бусад байгууллагын шагналд тодорхойлох;

9.1.7.   Засгийн газрын болон төрийн дээд шагналд тодорхойлох;

9.1.8.   Гадаад оронд аялах эрхээр шагнах; 

9.2.        Төрийн албан хаагчийг шагнаж урамшуулахдаа шууд харъяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. 

9.3.        Байгууллагын Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, газрын даргын тушаалаар нэгжийн оны шилдэг ажилтанг шалгаруулж, байгууллагын хүндэт өргөмжлөл,  200 000 төгрөгийн мөнгөн шагнал, байгууллагын шилдгийн шилдэг ажилтанд байгууллагын хүндэт өргөмжлөл, 500 000 төгрөгийн мөнгөн шагнал урамшуулал олгоно. 

9.4.        Төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагчид жилийн ажлын үр дүнгээр холбогдох журмыг баримтлан мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээ хэлбэрийг Төсвийн шууд захирагч тогтооно. 

9.5.        Салбарын тэргүүний цол, тэмдэг, яамны жуух бичгээр шагнагдсан тохиолдолд холбогдох журмын дагуу байгууллагаас олгох дагалдах мөнгөн шагналыг олгох. 

9.6.        Тус газрын ажилтан Төр засгийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан тохиолдолд 300 000 /гурван зуун мянга/ хүртэлх төгрөгийн үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. 

9.7.         Газрын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд 300 000 /гурван зуун мянга/ хүртэлх төгрөгийн үнэ бүхий зүйлийн урамшуулал олгоно. 

Арав. Сахилгын шийтгэл ногдуулах 

10.1.     Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна. 

10.2.     Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна. 

10.3.     Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна.

10.4.     Сахилгын шийтгэлийг Төсвийн шууд захирагчийн тушаалаар ногдуулна. Уг шийдвэрийг Захиргаа санхүүгийн хэлтэс өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ. Орлогч дарга, хэлтсийн дарга нар нь сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Удирдлагын зөвлөлийн болон Ёс зүйн хорооны хуралд оруулж болно. 

10.5.     Доор дурдсан үндэслэл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно: 

10.5.1.Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

10.5.2. Ажилтан урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй  3 ба түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан;

10.5.3.Ажлын цаг ашиглалт хангалтгүй байх, удаа дараа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, ажлаас хоцорсон;

10.5.4.Хэвлэмэл хуудсыг өөр зориулалтаар хууль бусаар ашигласан, хуурамч баримт бичиг, материал үйлдсэн;

10.5.5.Байгууллагаас зохион байгуулагдаж буй нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа /3 ба түүнээс дээш/ оролцоогүй;

10.5.6.Иргэдийн өргөдөл, гомдол, хариутай бичгийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн;

10.5.7.Дээд газраас ирсэн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй;

10.5.8.Цалинтай болон цалингүй чөлөө, эмнэлэгийн хуудсаар авсан чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;

10.5.9.Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн; 

10.6.     Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. 

Арван нэг. Бусад асуудлын талаар 

11.1.     Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хариуцдаг, эсхүл тэдгээр нууцтай албан үүргийн дагуу танилцсан албан тушаалтан уг нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд уг албан тушаалтан ажлын шугамаар олж мэдсэн нууцыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. 

11.2.     Агентлаг, байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн урсгал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, архивын үйлчилгээ, байгууллагын нууцыг хамгаалах зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

 

 

 

                       

-----------------------------------o O o------------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАНДАЛТ

356598
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
5
128
5
2317
356598

Таны IP: 54.226.102.115